Skip to content Skip to footer
Цэс Хаах

НАМЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Монголын ард түмэн, намын гишүүд дэмжигчид ээ,

Өнөөдөр дэлхий дахинаа улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүд өрнөж байна. Мэдээллийн технологийн хөгжил мэдлэг мэдээллийг нээлттэй болгосноор олон улсад нийгмийн хөдөлгөөн, эсэргүүцэл хүчээ авч, зарим орон хэт туйлшрал, үндсэрхэг үзэл, үзэн ядалтад автаж, хүн төрөлхтний амар тайван байдалд аюул учруулж байна. Хэт их гүрнүүдийн зөрчил, зэвсэглэлээр өрсөлдөх явдал гариг дэлхийн оршин тогтнолд ч заналхийлэх хэмжээнд хүрлээ.

Ийм нөхцөлд Монголчууд бид аливаа туйлшралаас ангид байж, энх тайван, эв нэгдлийг эрхэмлэн, үндэсний үзэл, соёл, заншилдаа тулгуурласан ардчилсан нийгмийг бэхжүүлж, иргэн бүрийн хангалуун амьдралын төлөө зорих ёстой.

Манай нийгэмд боловсролын тогтолцоог шинэчлэх, банк санхүүгийн системийг өөрчлөх зэрэг олон зорилт тулгамдаж байна. Гэвч юуны өмнө авлигын голомт болсон хуучинсаг, масс намуудыг өөрчилж, бодлогын намууд болгон төлөвшүүлэх шаардлагатай. Намчирхлыг халж, нутгийн удирдлагыг улс төрөөс ангид байлгаж, иргэдийг талцал хуваагдлаас ангижруулан, хөдөлмөр, бизнесээ хөгжүүлдэг, бүтээн байгуулалтдаа төвлөрдөг нийгмийг бүрдүүлэх нь чухал юм.

Монгол Үндэсний Ардчилсан Нам та бүхэнтэй хамтдаа энэхүү зорилтын төлөө ажиллаж, Монгол Улсыг өөрийн өнгө төрхтэйгээр даяаршсан ертөнцөд хөгжин дэвшихэд үндэсний ардчилсан үзлээр манлайлан хөгжлийн хөтөч нь байх болно.

Хүндэтгэсэн,
БАЯНЖАРГАЛЫН ЦОГТГЭРЭЛ
Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга